Би хошигрохгүй ээ… Т.Бум-эрдэний өгүүллэгээс


- Еээе! Еээе! Еээе! гэж эвшээнгээ
- За байз өнөөдөр нэг гардаг арга байна уу? Үгүй юү? гэсээр нарийхан хонгилоор багтаж ядан урагшлахдаа
- намаршаад ирэхээр энэ муу нүх хүртэл нарийсаад байдгийм шүү зүгээр гэж үглэнэ. Нүхний дотор ханан дээр байсан хэдэн ялаа за гарахаасдаа гэсэн янзтай ойр ойрхон нисэж буусаар нүхний амаар дуртай дургүй гарах нь жаахан үнэртэй ч гэсэн халуун бүлээн нүхнээс гарах тун дургүй байгаагийнх.
Энэ муусайн ялаанууд дулаан газар бараадаж хоночихоод өглөө гарахдаа намайг наашилж явааг гадаа сахиж байгаа нөхөрт мэдэгддэг даанч хуншгүй шүү. Гэхдээ энэ хэдэн ялаа яг тэгж байгаагаа мэдэхгүй л дээ. Надаас айгаад л тэр. Би ч нэг юм ялаа малаахан айлгаад л байдгийн.
- За хө! яасхийж гаръя дээ гэсээр алхаа нь удааширна. Нар хүртэл гарах нь оройтоод л мөдхөн их унтлагын цаг болно доо.

Салхи хаанаасаа байгаа бол нүхний амаар харагддаг гурван ерхөгний толгой аль талруугаа ганхаж байгаа бол? Нүхний аман дээр юу тавьсан бол? гэсээр бүр залхаж гүйцлээ. Залхлаа гээд яахав дээ. Ямар энэ хэдэн мөндөл хотилхонд найдалтай биш. Энэ хэдийг амьд байлгачих санаатай ингэж үйлээ үзсээр сүүлдээ бүр нэр нүүрээ барчихым хэмээн бодно.

Өглөөн нар эхэлж тусдаг энэ энгэрийн чандмана хэлбэртэй гурван дошны хамгийн баруун талын нүхний хөгшин бурхи өглөөн нартай зэрэгцэн гадаалах гэж яваа нь энэ. Нүхнийхээ аманд алд хиртэй дөхөж ирээд
- За хөөрхий! ерхөгний толгой ч харагдахгүй л байна даа. Яая! цэвэр агаар гэж сайхан шүү. Юундаа яарахав. Эндээ жаахан байзная. Агаар мөн сайхан байнаа. Жаахан урагшилбал ерхөг харагдах нь уу? Ээ дээ тэр байна. Хөдлөхгүй байна. Салхигүй байна гэсэн үг. Энэ чинь л аюулдаа. Одоо үнэртэх хэрэгтэй. Бас чагнах. Байгалиас юу заяасан түүгээрээ л амьдрана шүү дээ. Бага багаар урагшилнаа. Өшөө нэг жаахан яваадахвал хойд энгэрийн гурван гэр харагдах ёстой. Тэндээс гарах утаа л салхины чигийг гарцаагүй заана даа. Дөхөн дөхсөөр нүхний аман дээр ирж хамраа сартагануулан үнэрлэнэ.
- Гайгүй байгаам бишүү дээ? Айн! Нүхний амны шороог сайн харах хэрэгтэй гэх зуур баруун урд хөл нь янгинах шиг.
Мөндөл байсан цагдаа. Аавыгаа унтаж байх хооронд мундаг амьтан болж өглөөн нарнаар түрүүлж гарах гэж давдагнаж байгаад нүхний аман дээр тавьсан юмыг мэдэлгүй орчихсонсон. Хөвс гээд нэг их зөөлхөн санагдахын зэрэгцээ тасхийгээд л газраас хөндийрчихөж билээ. Тэр муу тахир юман дээр урд хөлөө хавчуулаад бараг хагас өдөр хэвтсэн шүү. Эхлээд гарчихмаар юм шиг санагдаад хамаг л хүчээрээ тийчигнээд байсан, сүүлрүүгээ хамаг бие янгинаад, уйлмаар санагдаад, толгой тархи дүүрээд ухаан тавьдгийн даваан дээр нөгөө хүн гэдэг чинь ирээд намайг салгаад тавьчихсан. Хариугүй жаахан юм болохоор голсон байх л даа. Хөлөө чирсээр салганаж ороод, аавдаа хойд борвиноосоо хоёр хазуулж, ээжээрээ өмөөрүүлж билээ. Хэд хоног чичирч хэвтсэнсэн.

Нөгөө хүн гээчийн үнэр надаас салдаггүй, бусад маань хажиглаад л. Тэрний хүчинд хүний үнэрийг хаа байгаа барааны газраас мэддэг болсон доо. Түүнийгээ санасан Соривт газрыг нилээн сайн шиншлэнэ. Сүүлд нь олон ч удаа тэр хавх байгааг мэдсэндээ, андашгүй юм билээ. Газрын хөрсийг онгилж хавхаа хийчихээд дээрээс нь адууны хомоол үйрүүлж, өнгөцхөн шороогоор дарчихсан байдгийн. Тэгээд бас болоогүй ээ өвсөөр шүүрдсэн болчихыг нь яанаа. Хүн бас тэгж байгаад ёоёотой. Шиншилж, шиншилж өнөөдөр л лав хавх алга гэж оношлов. Энэ хүн гэдэг чинь отно, сахина гэж нэг аюул бий. Чимээгүй байх тусмаа аюултай.
- Юутай ч гэсэн цэвэр агаар амьсгалангаа хэсэг хэвтэе байз гээд дээр болсон нэг явдлыг санав. Бас л ингэж үйлээ үзэн байж гартал нүхнийх нь зүүн урд талд нэг хавтгай голдоо нүхтэй юм тавьчихаж. Хэд хоног хялайгаад хэвтчихсэн. Сүүлдээ тэсэхээ байгаад нэг шөнө очоод үзтэл нэг их гэмтэй юм биш шиг. Маргааш өглөө нь билүү нүхнийхээ аман дээр гараад хэвтэж байтал нүдний буланд нэг юм хөдлөх шиг болонгуут эргээд л орсон шунн! гээд л явчихлаа. Нүхнийхээ мухарт очоод хэвтчихсэн. Нүдний дээх нь хорсоод байсан нь сүүлд хэдэн цагаан үс ургасын. Түүнээс хойш намайг Сорвит гэх болсон доо. Салхи баруунаас голдуу юм болхоор зүүн урд тэр хаалтыг тавьсан байгаам. Оноогүй уурандаа хаалтаа өшиглөсөн байна лээ. Хүн гэж юм чадахгүй байж их ууртай

- За байз урагшилах уу? болих уу? гэтэл ард нь точигнолдсон дуу гарлаа. Өнөө хэд чинь сэрчихэж. Одоо яагаа ч үгүй байхад гарна гээд л оволзчихно доо гэж бодож дуусаагүй байтал араас нь
- Аливээ жаахан агаар амьсгалахсан. Энэ үмхий нүхэнд амьдаараа үнэр орох нь
- Хн.. Дөнгөж сая сэрчихээд үнэр орохоо одоо л мэдэж гэнэ. Болоогүй байнаа, их сэжигтэй байна. Наанаа түр байж бай гэж тушаав Өнөөх нь мөчөөгөө өгөхгүй
- Энэ хэдэн мөндлийг л бодсын. Түүнээс би еөр эндээ байж байгаад үхсэн ч яахав Энэнтэй нэг нүхэнд орсоноос эхлээд л ингэж эрүүдсэн. Олон л жил боллоо жаахан сулрах болов уу гэсэн үгүй юмаа. Улам л чангараад байхым гэж бодлоо
- Хөөе болж байна уу? Ядаж байхад нүх таглаж хэвтчихээд унгаад байхым
Унгаад байхдаа яах вэ дээ. Нээрээ унгачихсын болов уу. Сүүлийн үед хөгшрөөд хэдэн нүх сүвнийхээ амыг мэдрэхээ байгаад байгаам. За за намар болохоор хэний янаагүй л ингэдэг шүүдээ зүгээр гэж бодоод
- Болоогүй ээ болоогүй. Амьд байя л гэж бодож байвал тэвчих л хэрэгтэй. Бид чинь тэвчээрээрээ л хүнээс илүү байж амьдарч байгаам. Хүн гэж ёстой хачин амьтад. Хоёр хөлтэй, босоогоороо явдаг, хавтгай нүүртэй, шүд нь юу ч даахгүй, чих нь хажуудахаасаа өөрийг сонсохгүй, нүд гэж харанхуйд харж чадахгүй, юмыг хамартаа тулгаж байж л нэг юм үнэрлэсэн болдог. Байгальд бараг тэнцэхээргүй амьтан байхгүй юү. Тэгсэн хэрнээ ёстой зэрлэгийн дээд зэрлэг гээд л бодож байтал араас нь

- Цэвэр агаар амьсгалах юмсан гээд л үглэв
- За за энийг нэг агаар амьсгалуулахаас үглээд салахгүй нь гээд хонгилд байдаг зөрдөг цүлхэгэртээ орж хажуугаараа зөрөхөд нь
- Миний байснаас цаашилж болохгүй шүү гээд хойно нь гарснаа
- Пүү! нээрээ жаахан эвгүй үнэртэй байна шүү. Миний ходоод сайн л байгаа юм байна. Пүү! тэсэхгүйнээ гэж хоёр савраараа хамраа дарснаа. Энэ одоо аль ходоодноос гардаг байнаа. Муу ходоодноос уу, сайн ходоодноос уу. Хоёр ходоодтой хосгүй амьтаддаа бид. Пүү! ерөөсөө тэсэхгүй нь ээ гэтэл өнөөх нь
- Үгүй шүү. Амьд байя л гэвэл тэсэх л хэрэгтэй гэнэ
- Алив байраа солъё оо. Цаана чинь их сэжигтэй байна гээд өнөөхийгөө хойшлуулав
Сорвит хотил насныхаа дараа жилийн зун анх энийгээ харж билээ. Тэр жил Сорвит ид л насандаа байсансан. Бусдаас яагаад ч юм илүү. Ноос үсээ аль хавраар шахуу хаяаад, бусад нь шараараа байхад Сорвит хар сор гялалзуулаад л, хөл гар гэж жигтэйхэн чанга. Ганц нэг чанарлаг өвс идчихээд л болчихдог байсан цаг. Нэг өдөр одоо энэний эцэг ахлагч байж бүгдийг цуглуулаад
- Бидэнд давс хэрэгтэй байна. Давсгүйдсэнээс ноос үснээсээ ч салж чадахгүй, тарга тэвээрэг ч авч чадахгүй байна. Хэн нэг цовоо сэргэлэн нь явах хэрэгтэй байна гээд л... Энэ чинь тэгэхэд аавынхаа араар ороод л намайг ч хараад байх шиг. Би ч тэгэхэд гал цог дээрээ байсан болохоор энэнд мундаг амьтан болох гэж Хэг! Хог! Хэг! Хог! гээд л хошигорч билээ.

Хоолой моолой ч ямар ч сайн байсын зүгээр Хэг! Хог! гэхийн хажуугаар давхар шүгэлтэй юм шиг дуугараад л. Тэгээд л явж өгсөн дөө. Их ч хол явсан. Нөгөө давсыг олоод хөрвөөж, хөрвөөж, бас болоогүй ээ энэнд долоолгох гэж нүүрээ давсдсан гэж байгаа. Тэгээд л давхиж явахдаа өнөөх анчин гэдэгтэй улаан халз таарсан шүү. Би хэрэндээ хяраад л хөдлөхгүй санаатай савраараа нүдээ дарчихаад л хэвтээд байсан. Нүдрүү давс ороод л мөн хэцүү байсан шүү. Тэр үеийн хүмүүс өөр байсан байхгүй юү. Давсанд яваа юм шиг байна орхи орхи гэсэн байх яваад өгч билээ. Одооны хүмүүс бол тийм биш шүү дээ. Тэр баруун энгэрийн Бандгар шарыг яалаа. Тэр Бандгар шар таргалаад л байгаа хэр нь ердөө сорлоддоггүй мөн хачин тарвага байж билээ. Надтай их тэрсэлднээ. Нэг өдөр жаал унтчихаад оройн гараа л байсан санагдана гараад иртэл Бандгар шар баруун энгэрээр дүүрэн хошигроод л хачин байна. Гайхаад харсан чинь жижигхэн цагаан нохой шогшоод л байна. Нэг их эгдүүтэй надад ч гэсэн сонин санагдаад байсан. Гэхдээ би хэвтээд л байлаа, уг нь босмоор санагдсан ч Бандгар шар л
Аймхай минь босоод хараа ч гээд байхаар нь зөрмөөр санагдаад хэвтэж байсан чинь Пад! гээд л явчихлаа. Бандгар шар ч бандага гээд л уналаа. Тэгсэн довны цаанаас нэг хүн босож гүйж очоод л тэртээ тэргүй үхэж байгаа амьтныг чинь сүүлдэж аваад л, газар саваад л байгаам ёстой муухай. Тэгээд толгой нь гилжийж ирээд л, хоёр гартаа ээлжилж сэлгээд л авч яваа харагдсан.

Хөөрхий Бандгар шарын амьгүй болсон бие нь сул унжаад л, ам хамраас нь цус дусаад л өрөвдмөөр гэж. Би зүрх шимширч байсан ч гэсэн хүн гэдэг амьтныг улам жигшихийн тулд хараад л байлаа. Хүүхэд шуухадгүй ирж үзээд л, нөгөө буутай хүний мөрөн дээр нь алгадаад л, бодвол магтаад байгаа бололтой. Марсайтал инээлдэцгээгээд л...
Тэгсэн зүүн хойд гэрийн Дохигор хар хүн өнөө муу Бандгар шарыг чинь эрүүнээс нь сэнжилж, тугалын хашаанаас өлгөж байгаад, чихнийх нь доохнуур арьсыг нь зүсээд доош нь шулж байгаам даа. Толгойноос нь доош ясыг нь гаргаад махыг нь арьсанд нь үлдээгээд туламлаж өвчсөн ш дээ. Хутга нь ястай хавирч байгаа дуу нь энд хүртэл сонсогдож байж билээ. Гэдэс дотрыг нь гаргасан чинь зарим нь гүйж очоод л цөс нь цөсөнд сайн гээд л, тэр нь тэрэнд сайн, энэ нь энэнд сайн гээд л түүхийгээр цусыг нь завжаараа савируулаад л идэж харагдсан. Ой гутмаар. Яавал эд нар ингэхээ болих юм болоо. Тарваганы биш тарвага алсан хүний цөс, цөс муутай хүнд сайн гэнэ гэж үг тараавал л эд тарвага алахаа болих байх.
Бусад нь чулуу улайтгаж дотор нь хийгээд амыг нь боогоод гал дээр шараад түнтийсэн хар юм болгочихсон. Бүгдээрээ тойрч суугаад л нарийхан зүсээд л идэж байгаа юм чинь. Бас болоогүй ээ нэг, нэг чулуу бариад л. Үнэр нь одоо хүртэл үнэртэх шиг. Эдэн дундаас арай гайгүй нь тэр цагаан толгойтой тахир чавганц гэж боддог байлаа. Яагаад гэвэл нөгөө хэд нь энэ муу цагаан сорвитыг (намайг хэлж байгаам) л нэг авчих юмсан гэхээр яахнав дээ зайлуул ганц нь ч болов байж байг гэдэг байхгүй юү. Тэгсэн тэр хүртэл шөнө гарч чацага алдахаа мэдэхгүй шүдгүй амаараа өөх бумбагануулаад байгаа юм чинь. Хүн гэж нээрээ хэлэх ч үг олдохгүй юм. Хөөрхийгийн арьс нь шар болохоор эд нар боодог хийсэн байх. Тэрнээс хойш хэд хоног муухай зүүд зүүдлээд унтаж чадаагүй шүү.

- За за юу бодож байлаа даа. Өө тийм тэгээд л давснаас ирэхэд бүгд надаар бахдаад л, намайг долоогоод л. Хамгийн сүүлд нүүрэн хэсгээ энэнд долоолгох гээд бусдад нь хажиглаад л. Тэгсээр байгаад сүүлд нь нүүрээ долоолгосон л доо хиг хиг хиг. Тэгээд тун удалгүй нэг нүхэнд орж билээ.
Сорвит дахиад жаахан урагшлаад сахлаа нүхний амаар гаргаад хэсэг байзналаа. Ихэнх тарвага овгос овгосхийж урагшилдаг бол Сорвит яг л муур шиг гэтэж урагшлана. Энийг бүр зориуд сурсын.
Гэтэл нүдний буланд нэг цагаан юм гялсхийх шиг. Доошоо хэвтлээ. Жаахан байж байгаад сэмээрхэн хартал, ээ хөөрхий нэг бүдүүн нөхөр дээрээ чихтэй цагаан хувцас өмсчихсөн, сүүл барьчихсан шогшиж байнаа. Эд чинь голдуу л өдөр оройн гараан дээр ингэж өвчигнөдөгсөн. Одоо бүүр байчихаад өглөөн гараан дээр айн, намайг алах гэж их хичээж байнаа. Салхи савиргүй ийм өдөр л их эвгүй шүү гээд нөгөөдүүлдээ

- Цаашаа цаашаа, байна байна. Бүүр цаашаа бол. Надад зай гаргана шүү гээд эргэлээ. Ямар бүдүүн нөхөр вээ. Санаа нь намайг хошигруулчих гээд байгаам ш дээ зайлуул. Өнөөдөр энэ бүдүүнээр жаахан тоглодгийм уу гээд жаахан өндийснөө буцаад хэвттэл өнөө бүдүүн цагаан чухам л зүгээр хурдан хурдан шогшоод л, хэвтэж, босоод л барьж явсан сүүлээ урдаа нэг, ардаа нэг гаргаад л, хачин болдог байна ш дээ. Энэ намайг хошигруулах биш эсрэгээр нь би энийг чинь амьтан болгоод байгаам бишүү хиг хиг хиг. Нэг байрлалд л удаан байлгаж болохгүй. Түүнээс биш эд нар ийм дээрээ л хөөрхөн ш дээ хиг хиг хиг.
Эдний зарим нь бидний махыг идээд, арьсийг зарж баяжаад бидэнд зориулж хөшөө босгосон гэсэн. Сайндаа ч биш тэр хөшөөг хараад ингээд босож байдаг бол санаа амар буудахсан гэж боддог байх. Энэ сум нь их ховор юм шиг байгаам. Тэгээд бас сумныхаа тоогоор биднийг алах санаатай. Бүр санаагаар нь болдгийн бол арьс хөрс нь гүйцсэн над шиг гурван бүдүүн бурхи эгнэж зогсож байгаад л нэг сумаар буудуулаад л үхдэг бол мөн сайхнаа гэж боддог байхдаа хиг хиг хиг. Би одоо инээхээрээ ингэж дуугардаг болчихоод байгаам. Энэ инээд бидэн шиг нүүртэй амьтанд зохихгүй байх шиг байгаам л даа. Харин хүнд бол зохидгийн. Дээш нь харуулж байгаад нүүрэн дээр нь заан түр суугаад босчихсон юм шиг муухай хавтгай нүүртэй, тэрийг нь чимэх гэж байгаль зохицуулсан хэрэг хиг хиг хиг. Эд нар тэгээд тэр тарваганы хөшөөн дээрээ хадаг тавих нь холгүй байдаг гэсэн. Нэг юманд туйлширхаараа тэгж балайрдагийн. Хөшөө гэснээс Чингисийн хөшөө босгочихоод тэрэндээ хадаг мадаг тавиад л, нөгөө хүйтэн чулуугий чинь хүн болгон очоод л түг түг хийтэл мөргөөд байдаг гэсэн хиг хиг хиг. Бодвол найман зуун хэдэн жилийн тэртээ очоод жинхэнэ Чингисдээ мөргөөд байна гэж сэрүүн зүүдэлдэг юм шиг байгаам. Чингис хадаг хоёр яаж зохих вэ дээ. Эд нар Чингис гээд солиорч байхад бид ч гэсэн зургаан нар харвасан гэвэл яанав. Хааяа хааяа их халуун өдөр гарч нүхнийхээ аман дээр зогсож байгаад үлдсэн ганцруу нь харвах гэж байгаа дүр үзүүлдгийм үү, яадгийм айн! Даана ч бид хүн шиг мангар биш л дээ.

- За байз нөгөө бүдүүн цагаанаа дахиад нэг харъя байз. Ээ хөөрхий шогшиж л байна. Энэ бүдүүн одоо өчигдөр шөнө гэхэд хоол идээд л унтсан байгаа ш дээ. Тэгсэн одоо сэтгэл нь ханахгүй намайг бас алчих санаатай л шогшоод байгаам. Ёстой муухай. Эдэнд идэхгүй юм гэж байхгүй, авахгүй юм гэж байхгүй.
Хонь, ямаа гэж арчаагүй амьтад байна. Нэгийг нь дээш нь харуулаад хутгаар гэдсийг нь хагалаад, бүр гараа оруулаад голыг нь тасалж байхад л,бусад нь өдөр идсэн өвсөө гулгиж буцааж гаргаад хивээд, хараад хэвтээд байна. Хэзээ намайг бол гэсэн янзтай. Хүн нээрээ дэндүү шудрага биш.
Эд нар өглөө гэрээсээ гарах гэж над шиг ингэж зовдог бол өдийд галзуураад толгой дээрх атгын чинээ үсээ зулгаагаад, өөр үс олдохгүй болохоор нас гүйцсэн заримынхаа энд тэнд ургасан хэсэг хэсэг үсийг нь зулгаах гээд дайрах байлгүй хиг хиг хиг. Тийм тэвчээргүй юм чинь.
Ер нь бүх амьтад нийлээд эднийг өглөө гэрээсээ шээх гээд гараад ирэхэд нь урхи занга гэхгүй за юу, гэрийнх нь гадаа зүв зүгээр л зогсож байхад эд нар пүд пүд гээд л унаад өгнө.

Урхи гэснээс тэр муу урхи чинь харин их эвгүй хог байна лээ дээ. Би нэг хүүхдийн тавьсан урхинд орж хоёр бөөрнийхөө үсийг халцалж байж сугарч билээ. Урхи чинь харахад харагдаад байх хэрнээ хажуугаар нь гарах гэхээр гарч болдоггүй сонин эд. Тэгээд л дундуур нь ороод зүтгэчихсэн гэж байгаа. Бас нэг өдөр бууны суманд оногдохоо шахсан шүү. Сайхан нарлаад хэвтэж байсан чинь баахан адуу пижигнэлдээд л ирлээ. Би ч ямар тэднээс нэг их айх биш. Гэхдээ л зүгээр хэвтээд байж болдоггүй. Юу юугүй тулаад ирэхээр нь л орлоо доо. Тэгээд л буцаад гараад ирсэн чинь шунн! гээд л явчихсан. Аз шүү. Тэгэхэд оногдсон бол гээд цааш нь бодож чаддагүй юм. Оноогүй сум тэгж шунгинаж, оносон сум пад! гэж дуугардаг юм байна лээ. Тэрийг мэдээд ч яах вэ дээ. Оногдчихвол сонсохтоо манатай л болох биз. Хүн гэж ерөөсөө амьтанд их дээрлэхүү. Муусайн үхрийг духан дундуур нь тоох ч үгүй сүхдээд л, адууг бол нугасанд нь хутгалаад л, зарим амьтаныг буугаар шүршээд л. Гэтэл хүнийг тэгдэг амьтан гэж байхгүй ш дээ. Зарим нэг нь согтуу галзуу солиорч явж ганц нэг нохой мохойнд хазуулчихаад сүйд болно ш дээ. Галзуурсан нохой эсвэл зэрлэг араатан гээд л гэтэл өөрсдөө ёстой галзуурсан зэрлэгийн зэрлэг араатан байхгүй юү. Хүмүүс өөрөө өөрсдийгөө л хутгалж, буудаж алдаг байх. Байх ч гэж дээ тэгж сонсогдоод байдгийн. Тэгэхээр хүнээс өөр муухай амьтан байхгүй байгаа биз

- За байз тарган цагаан яаж байнав харъя. Бодолдоо болоод харж баясахаа мартчихаад байхын. Хөөрхий хөлс нь гоожоод л шогшиж байна даа. Овоо эр байнаа зүгээр. Цаашаа харлаа.
- Үгүй тэр бөгсөн дээр нь юу байнаа? Боднгор цагаан юм. Сүүл юм байх даа. Яасан эгдүүтэй юм гэж бодонгуутаа Хэг! Хог! гээд авлаа. Эргээд харангуут ухаан орж
- Доошоо гэм! гэж өөрөө өөрийгөө захирч доошлов. Ёоёо! заримдаа ингээд тарвага зандаа хөтлөгдөөд гэндчих гээд байдгиймаа. Одоо ч горьдоод нэг хэсэг гүйнэ дээ хиг хиг хиг гэтэл араас нь
- Чи бүр инээж минээгээд мань хэдийгээ бүр мартаж орхижээ. Өнөөдөр гардаг арга байна уу үгүй юү. Энэ хэдэн мөндөл бүр харангадаж гүйцлээ гээд л үглээд унахаар нь
- Овоо дуугай байсан яачихав даа чи. Худлаа гэвэл хар гээд гээд байраа сольсоноо
Ингээд араас нь харахаар бөгс нь тонтойгоод сайхан амьтан шүү гэж бодохын зуур тахин дундуур нь жирс гээд л явчихав. Ороо мороо чинь одоо хэзээ билээ дээ гэж бодтол
- Нээрээ тийм байна ш дээ. Чи тэгэхэд инээгээд л үхэх чинь дутаа юу. Ор ор Чамгүй бол бид яахын болж байна. Чи л хашир амьтан болж эдний бүр хамаг анхаарлыг өөр дээрээ татаад байгаа шүү. Чимээгүйхэн шиг байж байгаад нэг тийшээ нүүе л дээ гээд хоолой нь зангирлаа.
- Үнэн байгаа биз дээ. Энэ жил одоо хаа нүүхэв дээ. Одоо бидэнд цаг алга. Тэгээд ч их унтлагын цаг дөхөж байна. Алив байрандаа оч. Цаад хэдийгээ битгий айлгачих. гэтэл

- Бүгдээрээ л мухар луугаа явъя л даа.
- За за одоохон. Та нар явж бай. Би жаахан харж байгаад очно гэлээ. Тэднийг явсаны дараа Хөөрхийс дөө өнөөдөр бас л гарцгааж чадахгүй нь дээ. Уг нь цагийн сайхан нарны голтойд хэдэн мөндөл маань тоглож авбал. Даанч тийм завдал өгөхгүй юм даа. Нээрээ намайг алах гээд эд нар бүх л аргаа барж байна. Энэнээс болоод энэ хэдийгээ баллах вий дээ.
- Өнөөх яаж байнав. Үгүй тэр гүйж л байна. Амьтан алах гэж ингэж их хүч гаргах гэж дээ. Эд нар байгальд даана ч нэг хайргүй хандаад байгаам даа. Ухаад л төнхөөд л, уулыг шатаагаад, дэлбэлээд л, усыг ширгээгээд л модыг огтлоод л, үнэндээ эдний гарт өртөхгүй юм гэж алга даа. Ёстой л нэг өөр гаригаас ирээд, үдлээд буцах гэж байгаа юм шиг л байхым. Даана ч нэг уйваагүй бузрын амьтад юмаа хүмүүс та нар. Мөдхөн та нар баахан мөнгө тэврээд идэх хоолгүй, амьсгалах агааргүй, уух усгүй юу юу ч үгүй сууж байхад чинь өрөөсөн хөлөөрөө даллахсан. Тэгвэл бие биенийхээ дээр гишгэлээд л та нар яаж байх бол...
- За за энэ нэг амьтаныг зовоож гүйцлээ дээ. Хүний хэл мэддэг бол
би хошгирохгүй ээ гээд хэлчихсэн. Даана ч мэдэхгүй юм. Өөрийнхөө хэлээр хэлчих гэхээр хошгирсон болчих гээд байхын яая даа байз... хиг хиг хиг


...Хөр цас ханзраагүй тэсгим хүйтэн тачигнаж байхад өдөржин хар утаа олгойдуулан дугуйн хаймир шатааж, газар нүдсэн Дохигор хар оройхон том жижиг нийлсэн найман тарвага гэртээ авчирлаа. Тэгээд
- За зунжин хашир зааж гайхуулсан амьтаныг хар. Хоёр бөөрөөрөө цагаан үстэй мөн байгаа биз дээ. Аавын хүү арван гурван мэхтэй гээд авгай хүүхдийнхээ толгойтой үсийг зарсхийтэл муухай инээлээ. Гэтэл эмгэн
- За хүү минь! Энэ чинь арай дэндэж байнаа. Ан гэдгийг чинь ингэж ч ичээ ухаж хийдэггүй байхаа. Ур ухаан гаргаж хийж чадвал чадаад, чадахгүй бол цаадах нь амьд үлддэг хуультай л юмсан. Ийм л юм үзэх гэж би өдий насалсан юм байх даа Одоо наадах чинь шивтэртэйгээ байгаа амьтан идэж болохгүй ш дээ. Хангай дэлхий минь ийм болж байгаа хүмүүсийг яалтай ч юм билээ дээ
- Өө! идэж болохгүй юмуу. Тэгвэл гаргаж нохойд өг! нохойд өг!...

Комментарии

Популярные сообщения из этого блога

МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС-ээс

Чингэс хааны сургааалиас