Түүхээ санаарай...

Гайхуулах ч юм алга даа бидэнд
Гар утас шигээ нимгэрсэн хүн чанартайгаа
Галзуугийн өвчтөн шиг улстөрчидтэйгээ
би гэсэн бэртэгчин бодолтойгоо
Хоёр мянганы хорьдугаар он руу
Хордсон үрстэйгээ гандсан төрхтэйгөө  алхан орлоо
Азотын хий дүүрсэн дөрвөн уулынхаа дунд
Агуу ихээ гайхацгаан цээжээ дэлдэх зуур минь
Араа шүдээ хавирсан харийн ноход
Аль хэдийн хотонд минь оржээ
Анзаарах сөхөө алга уу
Эртний миссирийн хүлцэнгуй боолын гунигт харцаар
Ирээдүйгээ ширтэх гурван сая монгол оо
Ядарсан бид бөхийж
Ямаан дээдэс гэдийж
Өтгөс минь өлсөж
Цэцгэс минь гундаж
Залуус минь дүрвэж
Зүрх минь даарч байна
Хүүхдүүд минь уйлж
Хүүxнүүд минь шаналж байхад
Суулчийн хөсгөө хүлээх эмгэн лугаа адил
Сүүтийж суугаад эх орноо алдах уу
Сүмийн буланд хоргодсон
Гэлэн лугаа адил
Сүүмийж зогсоод ирээдүйгээ баллах уу
Шилний цаадах диваажинг
Ширтэж суугаад ханав уу
Ширэн нүүртэй урвагчдаа
Ширвэж орхиод мордох уу
Гурван мөрний эргээс хүлгийн дөрөө жийж
Гуниг зовлонгийн цоожийг тасар татан шидсэн
Цуутай монголын урс бид
Дуутай босох цаг иржээ
Дэлүүн болдогийн зүгээс
Дээдсийн сүнс сэрж байна
Халхын их талаас
Хаадын сүнс харж байна
Баруун уулсын орноос
Баатруудын сүнс ширвэж байна
Ялгуусан дууллын эзэд бид
Ядуу амьрах ёсгүй ээ
Барласан бурхад шиг дээдэс ээ
Дарласан буг шиг даврахгүй шүү
Асарч тэтгэж чадвал ард тумэн чинь
Алаг бяруу шиг номхон шүү
Аман дахь хоолыг нь булаавал харин
Асар басар шиг тасдана шүү
Зүдэргээнт он жилуудэд
Зүгээр ч нэг олдоогуй эрх чөлөөгөө
Зоосны донтой та нараар
Зоргоор чинь тоглуулахгүй шүү
Зовсон түмний занал гэдэг
Цусны хариутай байдаг шүү
Цөлийн чоно шиг
Цөс ихтэй эрс ээ
Чи Монгол юм бол
Чингис богдын үрс юм бол
Та Монгол юм бол
Талын баатруудын удам юм бол
Амьсгалах агааргүй багтарч яваа
Ангаахай үрсийнхээ төлөө
Эх нутгийг минь эмтэлсэн
Эмс охидыг минь эзэмдсэн
Холын нохдыг хөөж явуулая
Хотны банхараа ч таньж авъя
Чоно дагасан жингэрүүдийг
Цөм цохиж нам даръя
Ганхсан төрийнхөө алтан баганыг
Гар гараараа тулан тал талаас нь босгоё
Алдвал олдохгуй эрх чөлөөгөө
Ухвал ургахгуй эх нутгаа
Гарвал орохгүй эд баялгаа
Гарцаагүй хамгаалая яг одоо
Цаашаа цаг гэж үгүй
Наашаа найраа гэж үгүй
Энэ цагт бид элгээ эвхвэл
Ирэх цагт хилээ эвхнэ...

Комментарии

Популярные сообщения из этого блога

МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС-ээс

Чингэс хааны сургааалиас