ГЭРТЭЭ ИР, ГЭРТЭЭ ИР, МОНГОЛ АХ ДҮҮ НАР МИНЬ ГЭРТЭЭ ИР



Монгол Улс маань зуун зуу­ны буурал түүхтэй, түүх бүхэндээ дэлхийг донсолгосон их гавьяатай, аргагүй баатарлаг омогтой, домогтой билээ. Монголчуудын түүхээс дэлхий дандаа айдаг. Монголчуудаас бас дандаа айдаг. Айдаг учраас дандаа дарах гэж боддог. Гэвч дарагддаггүй Монгол Улс дархан эрхээ мандуулаад явж байна. Харин ч Хүннү гүрнийхээ тулгын чулууг тулж, туурга тусгаар их улс байсныхаа бахархлыг өргөж 2220 жилийнхээ их ойг 2011 оны турш ёслон тэмдэглэлээ. Их туургатан байсны ул мөр ч сэргээгдэн босч ирж, Монголчуудын төр ёсны түүхийн гэрч болсон дурсгалт зүйлс газрын дороос уудлах бүр нээгдэн гарч ирсээр байна. Хүннү гүрний үеэс дэлхий даяар тарсан монгол туургатнууд өнөө улам бүр тодрон гарч ирсээр байна. Чингис хааны үеэс тархай бутархай байсан монголчууд дахин нийлэн нэгдээд хүчирхэг болж, дэлхийг эзэрхээд улмаар гадны өдөөлтөөр дахин тарцгаасан монгол туургатнууд олон зууныг дамжин явахдаа унаж боссон, ядарч, задарсан нь ч бий. Тэгэхдээ Манжид 300 жил дарлагдахдаа Монголчууд устаж үгүйрсэнгүй, мохож мөхсөнгүй. Харин дарлаж явсан Манж нь газрын хөрснөөс арчигдаж, дарлагдаж явсан Монгол нь газар дээрээ босоо заяатайгаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоо тэмдэглээд даналзаж явна. Түүх гэдэг ийм хорон. Монголчуудын түүх эргэлээ. Төр эргүүлсэн хувьсгалуудаас илүү их түүх нь эргэлээ. Түүх эргэсэн 100 жилтэйгээ бидэн золголоо. Монголчуудыг урамшуулсан 100 жил ирлээ. Гэртээ суугаа монголчуудыг зоригжуулсан 100 жил ирлээ. Гэрээсээ алсад яваа монголчуудыг уриалсан 100 жил ирлээ.Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээсэн 100 жилийн ойн өдөр буюу 2011 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр түүхэн сайхан үг онож, олж хэллээ. Ерөнхийлөг­чийн үг ерийн үг байсангүй. Жинхэнэ төрийн тэргүүний үг жирийн байсангүй. Монголоо гэ¬сэн хэн хүнийг сэртэсхийлгэлээ. Ерөнхийлөгч маань гэрээсээ хол яваа монголчуудыг гэртээ ирээч гэж урилаа. Чингис хаанаас хойш төр барьсан ямар ч тэргүүн ийм үг хэлж байсангүй. Цаг нь ирсэн ч юм бол уу?  Түүний уриалсан үгсээс дахин сонсоё. Хэлсэн үгсийг эргэж харья. ...Бүтэн зууны өмнө бидний өвөг дээдэс улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэр­гээн тогтоохдоо олон монголчуудынхаа хүчинд түшиглэсэн байдаг. Тарж бутарснаа цуглаад ирэхэд тосоод авсан байдаг. Ингэж өнөөгийн бидний газар нутаг бүтэн болж, олон элгэн садан эргэн цугласан. Бид Мон¬гол Улсын иргэнийхээ хувьд халх, дөрвөд, казах, урианхай, зах­чин, буриад хэн ч бай бүг­дээрээ монгол хүн, бүгдээрээ л монголчууд. Монгол Улсдаа амьдарч байгаа биднээс гадна дэлхийд монгол хүн, монголчууд бас цөөнгүй бий. Төрийн албаа нийтийн үйлчилгээ болгож солих ёстой. Манжийн ноёнд эрх байхаар дарлал болдог, Монгол даргад эрх өгөхөөр ардчилал болдог юм биш. Манайд дар­га үүрэг хүлээгээгүй учраас ха¬риуцлага үүсэхгүй байна. Хариуц­лага байхгүй учраас үйлчилгээ байхгүй байна. Манай улс иргэнээсээ илүү, бүр их эрхтэй төртэй. Иймээс ч төр нь баян, иргэн нь ядуу байгаа юм. Төрийн баян иргэндээ наалдахгүй бай­на. Өлсгөлөн хүний зовлонг цат­галан хүн ойлгохгүй гэж ярьдаг. Өнөөдөр манай иргэн, төр хоёрын харилцаа ийм л байдалтай байна. Би Mонголын түүхт төрийн тамгыг түшиж байгаа хүний хувьд өнөөдөр монгол¬чууд¬даа хандаж нэгэн зүйлийг уриалах гэсэн юм. «Монголчуудаа олуулаа болцгооё, Монгол нутагтаа ирцгээ» гэж уриа¬лах гэсэн юм. Би энэ уриалгыг Монгол Улсын Ерөн­хийлөгчийн хувьд, Монгол хүн бүрт хан­даж, Монголоо гэсэн зүрх сэтгэл бүрт хандан хэлж байгаа юм. Бидний өвөг дээдэс үеийн үед энэ газар нутаг дээр олуулаа аз жаргалтай амьд¬рахыг мөрөөдөж ирсэн... Ерөнхийлөгчийн энэ үгийг сонсоод олон монгол хүн баярлаа даа? Гэрээсээ алс яваа олон хүн бахдаа даа? Мөн энэ үгийг сонсоод ганц монгол хүн бус дэлхийд өөрийн үндсээ хамгаалдаг хүн бүхэн нэгийг бодоо доо? Миний хувьд гэхэд дэлхийд Үндсээ гэсэн үндсэрхэг үзэлтэй улс гүрнүүд хүнээ цуглуулж, хурааж байсан түүхэн цагууд санагдаж байна лээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед мөхөж сүйрэхээ дөхсөн жүүдүүд буюу еврейчүүдийг дахин цуглуулж Израил Улс 1970 оны эхэн үес гадаадад яваа бүх иргэнээ эх орондоо хүрээд ир гэсэн уриалга гаргаж байж билээ. Арга ч үгүй, хумсын чинээхэн ч газаргүй байсан тэднийг Газын зурвас дээр нутаг зааж өгөөд удаагүй байсан цаг. Энэ Газын зурвас одоо ч газрын төлөө тэмцэл, дайн дажны хөлтэй хэвээр байна. Жүүд , араб хүн хоёр бие бие рүүгээ буу шагайгаад зогсож байна. Хөл дорх улаан шугамаа давлаа л бол буудаад унагачихаж байна. Анх тусгаар улс байгуулахдаа нэг сая байсан Изриалчууд өдгөө тав дахин өсөөд, дэлхийд хөгжлөөрөө манлайлагч болчихсон явна. Эх орондоо хүрээд ир гэсний хэрэг бүтэж байна. Дайны дараа япончууд ч бас гадаад руу иргэдээ явуулж, юм сурахаар нь эх орондоо эргүүлэн татсаны буянд дэлхийд цахиур хагалсан хөгжилд хүрээд байна. Хоёр хуваагдаад сүйрэх шахсан үе­дээ өмнөд Солонгосууд бас л гадаа яваа , юм сурсан иргэдээ дуудан ирүү¬лээд «Азийн дөрөв дэх бар» хэмээн цоллуулж явна. Загасчны булан тохой байсан Сингапур яаж хөгжив? Бас л гадаадад яваа оюуны сор болсон иргэдийнхээ хүчинд босоод ирсэн. БНХАУ ямар зальтай хөгжиж явнав? Гадаад улсад өр ширэндээ өгч түрээслүүлсэн Хонгонг, Макао арлаа баян болтол хөгжүүлчихээд буцаагаад авч байна. Одоо хятад гүрэн гадагшаа хүнээ гаргаад л, оюунтай, мөнгөтэй болохоор нь дуудаад л авчраад, хөг­жөөд байна. Монгол Улсаас гадны улс оронд ажиллаж амьдарч буй иргэний тоо бараг 300000-д хүрсэн байх. Эдгээр иргэдээ юм сураад ир, түүнээс гадна олон зууны турш гадаадад яваа монгол туургатнуудаа хүрээд ир, гэртээ ир гэж Ерөнхийлөгч маань уриаллаа. Монгол туургатнууд дэлхийд барагцаалбал 10 сая орчим байгаа гэж Дэлхийн монгол туургатны чуулган дээрээс мэдэгдэж байсан. Тэд маань Монгол нутагтаа нүүгээд ирээсэй. Та нарыг нүүгээд ирээч гэж Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа дуудлаа. Монголоо гэсэн монгол туургатнууд минь хүрээд ир, нүүгээд ир, нутагтаа, гэртээ буцаад ирээч. Ерөнхийлөгчийн үгнээс дахин нэг ишилье. «Хүн нэмэгдвэл хүнс нэмэг­дэнэ» гэж монголчууд ярьдаг. «Монголын үрс маш олон болох болтугай» гэж ерөөл билгээ дэвшүүлдэг. Түүхэндээ бидэнд мандан бадарч, уруудаж доройтож явсан үе бий. Одоо бид нарт цугтаа хийж бүтээх, хөгжиж дэвших цаг ирж байна. Бидний гарт өөрсдийнхөө хувь заяаг шийдээд явах боломж байна. Бидэнд ураг удмаа хүсэн санагалзах зүрх сэтгэл, уудам дэлгэр газар нутаг байна. Монголчуудаа Монголдоо ирж амьдраач, ирж ажиллаж, юу хийж бүтээж чадахаа харуулаач гэж би урьж байна. Би энэ үгийг төрийнхөө энэ хүндэт индрээс зөвхөн иргэддээ төдийгүй, монголоо дээдэлдэг, хэл бичиг, соёл, ёс уламжлал, зан заншлаа мэддэг нийт мон­голчуудад, монгол үндэстэн, угсаатан, хүн бүрт хандан хэлж байна. Би энэ үгийг зөвхөн монголын сайн сайхны төлөө хэлж байгаа юм. Монголчууд бидэнд Монгол газар нутагтаа сайхан амьдрахын тулд хийх ажил их байгаа. Шийдвэрлэх шаардлагатай зүйлүүд ч олон бий. Хүн ам зүй, удмын сан, эрүүл мэнд тойрсон асуудлаа бид ярих ёстой. Эдгээрийг бид өөрсдөө шийдэхгүй, хийхгүй бол бидний өмнөөс хэн ч хийхгүй. Энэ чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг монголын төр засаг шийдвэрлэхгүй бол өөр хэн ч шийдэхгүй. Монголоо сайхан болохыг, Монголд хүн ажиллаж амьдрах аятай тухтай орчин бүрдэхийг алсаас харж хүлээж суугаад нэмэргүй. Монголынхоо гал го¬ломтыг улам бадраан мандуулж, үр хойчдоо сайхан Монгол орноо уламжлуулан үлдээх үйлсэд хүн бүр гар бие, сэтгэл оюунаа чилээн оролцохыг би уриалж байна. 100 жилийн хугацаанд Мон¬гол хүн наад зах нь 3 хувьсгалын нүүр үзсэн байх юм. 1911 оны эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгал, 1990 оны ардчилсан хувьсгал. Энэ хувьсгалд оролцогчдоос юуны төлөө тэр хувьсгалыг хийснийг асуувал нэг л төрлийн хариулт давамгайлах байх. Монгол хүний төлөө, монгол хүний эрх чөлөөт, сайн сайхан амьдралын төлөө гэсэн хариулт л давамгайлах байх. Өнөөдөр, 2011 оны байд¬лаар Монгол Улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ, тэр дундаа 1 хүнд ногдох орлогоороо дэлхийн 187 орноос 110 дугаар байранд орж байна. Гэтэл 1 хүнд ногдох бай­галийн баялгаараа дэлхийд эх­ний аравт ордог гэж яригддаг. Баянаараа эхний аравт ордог эх оронтой хүн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол энэ зууны эмгэнэл юм. Ирэх зуунд энэ эмгэнэлээс монголчууд ангижрах ёстой. Сүүлийн жилүүдэд «Эдийн засаг өсч байна, сайхан болж байна» гэж ярьж байна. Гэтэл тэр өсөлт тэр сайхан нь хүндээ наалдахгүй байна. Монгол гэрийн хаалгаар орохгүй байна. Манай төрийн бодлого ингэтлээ томров үү, эсвэл ингэтлээ хүнийсэв үү! Хүний жаргал хүнд наалддаг¬гүй гэж ярьдаг. Ямар учраас монголын баян, буян монгол хүнд наалдахгүй байна вэ? Энэ асуултанд хариулах ёстой эзэд нь өнөөдөр энэ танхимд байгаа Та бид. Өөр хэн ч биш. 100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа... Үүнийг өөрчлөхийн тулд төр ажил хэрэгч иргэддээ гадны­ханд өгдгөөс илүү, дотоодын олигар¬хуудад олгодгоос илүү таатай орчин бүрдүүлэх ёстой. Энэ байдлыг өөрчлөх нууц нь, томъёолол нь энэ. Тодорхой түвшин тогтоогоод жижиг дунд бизнес эрхлэгчдийг, магадгүй сарын 20 сая төгрөгнөөс доош орлоготойг нь татвараас чөлөөлөх хэрэгтэй. Архи, тамхи, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр худалдаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа бол нэмүү өртөг, аж ахуйн нэгжийнх нь татвараас 5, 10 жил заагаад нэмж чөлөөлье. Нийслэлээс алсад байгаа бол гааль, худалдаа үнийн дарамтыг нь хөнгөлөх арга хэмжээ авъя. Бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэмүү өртөг бүтээж байгаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зээл өгвөл хугацааг нь уртасгах шаардлага тавь. Хүүгийнх нь дарамтыг төр төл. Дахиад хэлье... Татвар, дарамт хоёроос нь иргэдээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чөлөөл. Тааламжтай нөхцлийг тэдэнд олго. Үндэсний эрх чө¬-лөөнийхөө 100 жилийг тэм­дэглэж байгаа Монгол Улс иргэд­дээ эдийн засгийнх нь эрх чөлөөг эдлүүлэх цаг болсон. Энэ ажил, энэ санаачилга руу маргаашаас эхлэн уралдаж орох ёстой. Энэ талаар сайн санаа шийдэл байгаа бол төр лүү аваад ир. Их Хурал, Засгийн газрын гишүүдэд ийм санаа, шийдэл байгаа бол, одоо хууль шийдвэр болго. Би дэмжье...Энэ сайхан үгийг дахин болгооно уу? Ерөнхийлөгчийнхээ уриалгыг сэтгүүлч би ч дэмжье. Монгол орноо гээд ирэх ах дүүсээ яаж угтах вэ? Бэл бэнчинтэй эргээд ирж буйд нь газар олгоё. Бэл, мөнгө мууханд нь орон сууц, ажлын байр гаргаж өгье. Бичиг номын хүмүүст нь оюуны хөрөнгө оруулалтыг нь тосоод авах орчин бүрдүүлье. Япончууд шиг тусгай нэвтрүүлэг бэлтгэж сурталчилья. Гадаадын иргэдтэй суугаад сайхан амьдарч байгаа япончуудаа сурталчлан зурагтаар амьдралыг нь харуулдаг болжээ, тэд нар. Солонгосчууд шиг ажиллаж, амьдрах нөхцлөөр бүрэн хангая. Япончууд шиг оюуны чадварыг нь эргэлтэд оруулья. Хятадууд шиг үйлдвэрлэлд сайн бүхнийг нь дэмжин, тэр дор нь мянга мянгаар нь хувилан үйлдвэрлэе. Ерөнхийлөгчийнхөө уриалгыг иргэн бүхэн дэмжье. Хэрхэхийг хүн та өөрөө шийдтүгэй. Гэртээ ирсэн монгол ах дүү нараа гэршүүлэн тогтоож авья.Гаршуулан тордож авцгаая. Гэртээ ир, гэртээ ир, монгол ах дүүс минь гэртээ ир. Монгол ээжий үрсээ мөөмөөрөө далладаг шиг Монгол төр Ерөнхийлөгчийнхөө «Сүүтэй үгээр» даллаж байна.http://www.burged.com -оос Гэгээн хором булан

Комментарии

Популярные сообщения из этого блога

МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС-ээс

Чингэс хааны сургааалиас