Тэнгэрийн тамга-Монгол толбо


Дэлхийн II дайны үед фашист Германы шорон гянданд олон үндэстний эмэгтэйчүүд хоригдож байж л дээ. Бүсгүй заяаг хагацал, учрал хоёр завсар чөлөөгүй дагаж, өнчрөл, нөхөрлөл зэрэгцэж, үхэх, төрөх давхцаж авай. Хоригдол орос, мажар бүсгүйчүүдийн нэг нь өргөст торны цаана гэнэт амаржиж, улаан нялзрай жаалын "уа уа уа" гэж уйлах нь хавь орчноо цочоожээ. Шоронгийн бага эмч идэрхэн эр хүний ёсонд эрхгүй захирагдаж мөнөөх хөвгүүнийг эх барьж авахдаа бөгсний тус газраа бэртсэн юм шиг хөх няц болсныг нь ажиж "ууцандаа төрөлхийн гэмтэлтэй" гэж оношлон зэргэлдээх эмнэлэгт эх, хүү хоёрыг шилжүүлжээ. Тэндхийн хашир эмч мушийтлаа инээмсэглэж,
-Юуны чинь гэмтэл вэ? Монгол толбо гэж мэддэггүй юм уу? Энэ бол Чингисийн удмын хүн байна хэмээн уулга алдан өгүүлсэн нь үзсэн, сонссон бүхний гайхашлыг төрүүлэв. Чингэснээр "хөх толботой Чингисийн удам манай хүмүүжигчээс мэндэлжээ" гэж немцүүдийн сайрхан архидаж, сонор сэрэмж алдсан сиймхийг ашиглан хоригдол эмэгтэйчүүд зэвсэглэн хөдөлж үймээн дэгдээж, ор мөргүй оргон арилжээ. Бүсгүйчүүдэд ялагдсан зандалчин хошууч:

-Чингисийн удмын балгийг яана. Тэдний салхийг ялалт дагадаг бололтой. Монгол толбо маньд өлзийгүй нь энэ дээ гэж давхцан нулимсан гэдэг. Монгол хүүхэд олон яс уулзах алга дарамхан газраа хөх толботой байдгийг бид мэднэ. Родимос пятно гэж Оросоор орчуулагддаг энэ толбыг монгол толбо буюу оор мэнгэ гэдэг билээ. Германы хошуучийг дэвхцэн хашхируулсан монгол толбоны "уршиг" хоригдлуудад эрх чөлөө авчирч, зандалчингуудад галзуурал авчирсан нь мэдээж.


Монгол хүнээс өөр хэн ч тийм хөх толботой төрдөггүй. Тэгэхээр оор мэнгэ-монгол толбо гэмээнэ зөвхөн монголчуудын биед заяасан сонин үзэгдэл юм. Ойрын хөрш орнуудад монгол угсаатан аж төрдгийг нийтээр мэднэ. Тэд бидний ахан дүүс. Монгол толботой хүмүүс бөмбөрцөг дэлхийн өөр өнцөг буланд суудгийг гайхалтгүй, түүхэн хувь зохиолын төөрөг л дөө. Мажар үндэстний зарим хэсгийн дотор монгол толботой хүүхэд цөөнгүй мэндэлдэг гэнэ. Түүний шалтгааныг хүннү нарын удам угсаа гэдгээр тайлбарладаг. Америкийн индианчуудын дунд монгол толботой маамуунууд төрдөг гэлцдэг. Тэдний өвөг дээдсийг эдүгээгээс 15-20 мянган жилийн тэртээ төв Азиас Америк тивд очсон гэж эрдэмтэд нотолсон нь бий. Үүнийг тэд "тив салсан" онол гэгчтэй холбон үздэг юм билээ. Түүнчлэн "Наран, Гуулин улсад оор мэнгэ-монгол толботой хүмүүс идээшин суурьшсаныг сүүлийн жилүүдэд нэг биш удаа мэдээллээ. "Хусавч яс нэг, хатгавч цус нэг" гэдгийг оор мэнгэ харуулаад байх шиг. Хүүхэд өсөж бойжиж, хөлд орж, үе мөч чангарахын хэрээр оор мэнгэ бүдгэрсээр аажимдаа арилдаг онцлогтой.



Төрмөл мэнгэ маань өсмөл насанд үзэгдэхээ больдог. Энэ юуных вэ? Хүүхдийн өгзөг олон яс нийлэх орчимд оор мэнгэ тодордог шүү дээ. Энд мэдрэлийн нарийн судал, салбар зангилга байдгийг анагаах ухааны ном зохиолд бичжээ. Хөх судсаар халуун цус гүйдэг нь мэдээж. Тийн атал алга дарамхан газарт хөх толбо үнэхээр соньхон байгаа юм шүү! Удамшил гэж дэндүү ерөнхий үг шиг санагддаг. Учиг сүлдсийг нь олохсон. Чингис хааны язгуурыг дээд тэнгэрээс заяатай гэдэг. Хөх монгол хэмээсний бэлгэдлийг мөнх тэнгэртэй холбон тайлбарладгийг үгүйсгэх аргагүй. Оор мэнгэ маань мөнх тэнгэрийн тасархай шиг хөх өнгөтэй байдаг. Оор мэнгээрээ хөх монгол гэж нэршсэн буй заа хэмээн бодном. Оор гэж заяаны буюу язгуурын гэсэн үндсэн утгатай үг. Оор мэнгэ буюу монгол толбоны учрыг та бид эрхэм сэтгүүлч Л.Гомбожавын бичсэнээсд ийнхүү сонслоо. Хөх монгол гэж нэршсэний учир ч тайлагдаж байна. Хөх тэнгэрийн орондоо хөх толботой монголчууд минь удам гарвалаа мөнх хадгалж, угсаа гарлаа энх дархалж байгаасай. Чи бидний судсаар Чингис удмын цус цэвэр ариунаар булгилан эргэж байхыг бэлгэдэн андынхаа нийтлэлээр хийсэн энэ бичлэгийг өндөрлөе.

Комментарии

Популярные сообщения из этого блога

МОНГОЛ АРДЫН ЗҮЙР ЦЭЦЭН ҮГС-ээс

Чингэс хааны сургааалиас